Соно буюу Ачитмаа нь 1995 онд мэндэлсэн бөгөөд багаасаа сүнслэг гэр бүлд сүнслэг сэдвүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч өссөн билээ. Дотогшоо, даруухан, зураг зурах дуртай хүүхэд байсан. Өсвөр наснаасаа олон төрлийн сүнслэг бясалгал, таро, шид болон бусад зүйлсийг туршиж үзсэн бөгөөд 16–17 настайдаа сүнслэг аян замналд тууштайгаар гарсан. Энэ үеэр хувьдаа дэглэм сахиж, өглөө орой бүр аураны цэвэрлэгээ, бэхжүүлэлтийг алгасалгүй хийсээр 8 жил болсон билээ.
17–25 насны хугацаанд дэглэмтэйгээр төрөл бүрийн шид, бясалгал, мэргийн аргуудыг сурсан. 2015 онд Америк улсын Virginia мужид, 2018 онд Япон улсын Токио хотноо сурсан. Японд Англи хэлний багшаар цагийн ажил хийдэг байсан.
Ачитмаа нь мөн зураач мэргэжилтэй бөгөөд 2023 онд сүнслэг чиглэлээр ажиллаж эхлэхээсээ өмнө насаараа зураачийн ажлаа хийж, сүнслэг зүйлсээ хувьдаа далдуур судлах зүйл хэвээр байлгана гэж боддог байсан билээ. Гэвч хорвоо ертөнцийн чиглүүлгээр гэнэт сүнслэг ажлын замналд орсон. 2016 онд аавтайгаа хамт анхны хамтын зургийн үзэсгэлэн гаргаж, 2022 онд бие даасан зургийн үзэсгэлэн гаргасан.
Ачитмаагийн хувийн үнэлэмжүүд нь «Үнэн байдал, Гүн амьдрал, Хувирал, Хувийн хүч чадал, Эрх чөлөө» юм. 2024 оноос Толин Дасгалын коучийн ажлыг хийж эхэлсэн бөгөөд энэ ажлаараа дамжуулан бусад хүмүүст амьдралдаа мэдрэх хүч чадал, эрх чөлөө, амьдралаас авах үр шимийн гүнийг нэмэгдүүлэх хүсэл зорилготой.
Ачитмаагийн Ихэр Дөл нь Дэвид Хиггинс, Америкийн иргэн билээ. Ихэр Дөл гэдэг нь нэг сүнсний хоёр тал бөгөөд үнэлэмж, зорилго, сүнс нэгтэй заяаны хосуудыг хэлдэг ойлголт юм.
Дэвид, Ачитмаа хоёр найзуудын хүрээллээр дамжин нэгэнтэйгээ танилцсан бөгөөд дараа нь нэгнээ Ихэр Дөлүүд гэдгээ таньж, хувь заяандаа бууж өгч нэгэнтэйгээ амьдралаа нийлүүлэх сонголтыг гарган хосын харилцаагаа эхлүүлсэн билээ. Тэдний харилцаанд танилцах, нэгнээ удаан шинжих, эсвэл удаанаар турших үе байгаагүй бөгөөд хувь заяаны хүслийг хүндэлж, хорвоо ертөнцөд итгэсний үндсэн дээр нэгнээ сонгосон билээ.
Ачитмаагийн хүрээллийн гэр бүлийн гишүүд, хамаатан саднуудын дунд ч нэгнээ олж суусан Ихэр Дөлүүд арвин байдаг.
Дэвид Хиггинс нь зарчимч, хувийн шаардлага өндөртэй, нямбай хүн бөгөөд Америкийн банканд 7 жил банкны ажилтнаар ажиллаж байхдаа хажуугаар нь үлдсэн цагаараа YouTube контент хийдэг байсан. Дэвид нь өсвөр наснаасаа таро уншлага, шид зэрэг зүйлсийг бусад хүмүүст хийж өгдөг байсан бөгөөд зөнч хүн юм. Зөн билгийн чадвартаа хэт сэнсрэхгүйн тулд зориуд бичиг цаасны ажил буюу банканд ажиллаж өөрийгөө газардуулдаг байсан билээ.
Дэвид нь Ачитмаатай гэрлэж Монголд ирж амьдарч байгаа. Дэвид, Ачитмаа хоёр Ихэр Дөлийн харилцаанаас авах үр шимээрээ дамжуулж эргэн тойрондоо олон гоё зүйлсийг бүтээж түгээх хүсэл эрмэлзэлтэй.
«Соно» гэдэг шавьжинд багаасаа дуртай байсан бөгөөд өөрийн сахиуснууд нь соно шавьжийн дүрээр өөрийг нь харж, чиглүүлж, хамгаалж ирсэн гэж итгэдэг. Сүнслэг ажилдаа хэт сэнсрэхгүйн тулд сүнслэг ажлаа сахиусыг билгэдэх «Соно» нэрийн дор хийдэг билээ. Харин сүнслэг ажлаас гадуур үедээ газардсан, энгийн Ачитмаа чигээрээ байхыг хүсдэгийн илрэл нь энэ юм. Энэ ажлын хүрээнд Ачитмааг хүмүүс «Соно» гэж таньж нэрлэж байхыг хүсэх нь ийм учиртай билээ.